Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах аврах 32 дугаар анги анх БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн 1971 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 84 дүгээр тогтоолоор Өндөрхаан хот дахь “Гал команд” нэртэйгээр байгуулагдах тогтоол гарч 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн ангийн дарга-1, ээлжийн дарга-3, жолооч-6, гал сөнөөгч 12, нийт 22 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлж байжээ.
2003 онд Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газар, Гал түймэртэй тэмцэх байгууллага нэгдэн орчин цагийн Онцгой байдлын алба үүсэн байгуулагдсанаар Хэнтий аймгийн Гамшгаас хамгаалах штабын гал унтраах 32 дугаар анги болсон.
Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017.04.08 ны өдрийн А/86 дугаар тушаалаар батлагдсан бүтэц, орон тооны дагуу Гал түймэр унтраах, аврах 32 дугаар анги үүргээ биелүүлэн ажиллаж байна.
Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн хамт олон Онцгой байдлын албаны хэмжээнд дагаж мөрдвөл зохих хууль, дүрэм журам, Онцгой байдлын Ерөнхий газар, Онцгой байдлын газрын даргын тушаал шийдвэр, чиг үүргийг мөрдлөгө болгон төр, ард иргэдийнхээ өмнө хүлээсэн үүрэг, өргөсөн тангараа үнэнчээр биелүүлэн албаны нэр төрийг өндөрт өргөн ажиллаж байна.
Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн үйлчлэх хүрээний нутаг дэвсгэр Чингис хотын төвд байрлах төрийн болон хувийн хэвшлийн аж ахуйн нэгж байгууллага, айл өрх, ард иргэдийн амгалан тайван байдлыг гал түймэр, гамшиг ослын аюулаас авран хамгаалахын зэрэгцээ хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж сар бүр гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгуулж, илэрсэн зөрчил дутагдлыг газар дээр нь арилгуулан ард иргэдийн аюулгүй амар тайван байдлыг хангуулан ажилалаа.
2017 онд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг чанартай сайн зохион байгуулсаны үр дүнд объектын гал түймрийн дуудлага, гал түймрийн тоо, хохирол өмнөх онтой харьцуулбал 63,3 %-иар буурсан байна.
Энэ 2017 онд Гал түймэр унтраах аврах 32-р ангийн албан хаагчид Хан Хэнтийн тусгай хамгаалалтай газар болох Дааган дэл, Цэнхэрмандал сумын Бяруутын даваа, Бяруутын өвөлжөө, өвөр Бяруут, Өмнөдэлгэр сумын Худгийн сондгой, Баянзүрхийн хөх хавцал, Хөх хавцалын даваа, Батширээт сумын Хавтгарын тусгай хамгаалалттай газрын түймрийг унтраах ажилд 7-45 хоног ажиллалан ард иргэдийн гэр, байшин, хашаа саравч, олон тооны мал сүрэг, олон зуун мянган га бэлчээр, байгалийн баялагийг гал түймрийн аюулаас авран хамгаалсан.
2017.08 сард Хэнтий аймгийн төв, Чингис хотод орсон борооны улмаас Хэрлэн сумын төвийн баг, хороонд үерийн ус орж аж ахуйн нэгж, байгууллага, орон сууцны хорооллын суурийн давхар усанд автсан гамшигтай тэмцэх үйл ажиллагаанд Гал түймэр унтраах аврах 32 дугаар ангийн албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин тасралтгүй 72 цагийн үүрэг гүйцэтгэсэн.
Үүрэг гүйцэтгэх хугацаанд ард иргэдийн нийт 7 гэрийг нүүлгэн 17 өндөр настныг нүүлгэн шилжүүлэх, 3 аж ахуйн нэгжийн байранд ус соруулах, 3 байгууллагын байрны суурийн давхар, 2 орон сууцны байрны суурийн давхарт орсон усыг соруулах ажлыг хийж гүйцэтгэн, 2 байранд ус орохоос сэргийлж хаалт, хамгаалалтыг хийсэн.
Тус ангийн албан хаагчид нь мэргэжлийн спорт болох Гал унтраах техникийн олон төрөлт спортоор тууштай хичээллэж улс бүсийн аварга шалгаруулах тэмцээнээс нийт 8 алт, 4 мөнгө, 37 хүрэл медалийг хүртсэн байна.
Мөн Хэнтий аймгийн цэрэгжсэн байгууллагын албан хаагчдын дунд жил бүр зохион байгуулагдан явагддаг марш тактикийн “Аварга салаа” шалгаруулах тэмцээнд 2015 онд алт, хүрэл, 2016 онд хүрэл медаль, 2017 онд хүрэл медаль, хүртсэн амжилтуудыг үзүүлээд байгаа тамирчин хамт олон юм.