Мэндчилгээ

Онцгой байдлын албаны нийт офицер, ахлагч, ажилтан албан хаагчид аа, Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Бид бүхэн Монгол Улсын Гамшгаас хамгаалах тухай хууль тогтоомж, төр засгийн бодлого шийдвэр, ОБЕГ-ын даргын тушаал, үүрэг, албан даалгавар, ОБЕГ-аас 2016 онд дэвшүүлсэн зорилтыг удирдлага болгон орон нутгийн гамшгаас хамгаалах чадавхийг дээшлүүлэх, гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх, удирдан зохион байгуулах үүргээ нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Батлан хамгаалахын тухай багц хууль шинэчлэн батлагдаснаар ОБАЭБайгууллага нь МУ-ын зэвсэгт хүчний эгнээнд нэгдэн орж цэргийн тангараг өргөн цэргийн жинхэн албан хаагчид болсоныг тэмдэглэн хэлэхэд таатай байна.  

2016 онд аймгийн хэмжээнд байгаль, цаг агаарын аюулт үзэгдэл, техникийн осол, гал түймэр нийт 64 удаа тохиолдож, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд Онцгой байдлын газраас 415 албан хаагч, 52 автомашин, техник хэрэгсэл ажиллаж, байгаль цаг агаарын аюулт үзэгдэл, гал түймрийн аюулаас 5 хүний амь нас, төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 950.0 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгө, үлэмж хэмжээний байгалийн баялагийн авран хамгаалсан байна.

            Шуурхай албаны автомашинд хийгдэх техникийн графикт үйлчилгээнүүдийг төлөвлөгөөний дагуу цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэн, техникийн эвдрэл, саатлыг 30 хувиар бууруулан, машин техникийн бэлтгэл бэлэн байдал 90.0 хувь  хангагдлаа.

Мөн төрийн албан хаагчийн сахилга ёс зүйг дээшлүүлэх ажлын хүрээнд дотоодын хяналт шалгалтыг тогтмолжуулж, албан хаагчид албаны дүрэм журам, ёс зүйн хэм хэмжээг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн ажилласны үр дүнд  сахилгын зөрчил гаргаж шийтгэгдсэн албан хаагчийн тоо өнгөрсөн оныхоос 41 хувиар буурлаа.

             Энэ онд бидний дундаас эрхэлсэн ажилдаа амжилт гарган, ажил хөдөлмөрөөрөө хамт олноо манлайлан ажилласан Цэргийн хүндэт медалиар 8 албан хаагч, Оны шилдэг дуудлага хүлээн авагч 1, ОБА-ны тэргүүний ажилтан-2, Баярын бичиг-4, Сайшаалын үнэмлэх-10, ОБА-ны төлөө тэмдгээр-16, байгууллагын шагналаар-27, Аймаг орон нутгийн болон бусад байгууллагын шагналаар-27 албан хаагч тус тус шагнагдаж хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.

Энэ бүх амжилт нь бид бүгдийн нэг санаа зорилготой, нэг баг хамт олон болж, хамтран ажилласны илрэл, та бүгдийн хичээл зүтгэлийн  үр дүн бөгөөд ирж буй 2017 ондоо энэхүү амжилт, бүтээлээ улам ахиулж, ажлын чанар үр дүнг эрхэмлэж, ололт, амжилтаар дүүрэн байна гэдэгт миний бие итгэл төгс байна.

          Ингээд Аймаг орон нутгийнхаа хөгжил дэвшил, хүн ардынхаа аюулгүй байдлыг хамгаалах ариун үйл хэрэгт эрдэм мэдлэг, оюун ухаан, ур чадвараа зориулан ажиллаж байгаа нийт бүрэлдэхүүн, тэдний гэр бүл, үр хүүхдүүд та бүхэндээ ажлын амжилт хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

ХЭНТИЙ АЙМГИЙН
 ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН ДАРГА ХУРАНДАА Д.БАТЖАРГАЛ