Хэнтий аймгийн “Өвөлжилт”-ийн талаарх мэдээлэл

0

Аймгийн хэмжээнд 2017-2018 онд 18 сумын 88 багийн 7,2 мянган малчин өрхөд 4,4 сая, хонин толгойд шилжүүлснээр 7,8 сая толгой мал өвөлжиж байна.

Өнгөрсөн жилийн хувьд аймгийн ихэнхи нутгаар бэлчээрийн ургамал хэвийн зуншлагатай жилээс 5-10 см-ээр нам ургаж ургацын хэмжээ 2-3 дахин бага байлаа.

2017 оны 11, 12 дугаар саруудад орсон 3 удаагийн цасны улмаас ихэнх сумын нутгаар 5-15 см тогтвортой цасан бүрхүүл тогтсон бөгөөд  Ус, цаг уур орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс  ирүүлсэн зудын эрсдэлийн зургаас үзэхэд нутгийн 70 орчим хувь “Их эрсдэлтэй” зэрэглэлд хамрагдаад байгаа юм.

 Галшар, Дархан, Баянмөнх, Батноров Баян-Овоо, Хэрлэн, Өмнөдэлгэр, Жаргалтхаан, Мөрөн сум цагаанаар зудархуу,  Дадал, Норовлин сумын нутагт  цасан бүрхүүл тогтоогүйгээс хараар зудархуу,  Баянхутаг, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны отрын бүс нутагт гадны аймгуудаас их хэмжээгээр мал оторлон ирсэн учраас бэлчээрийн даац хэтэрч  туурайн зуд үүсэж болзошгүй  нөхцөл байдалтай байна.

Баян-Адрага суманд Булган аймгаас 20 өрхийн 19210 толгой мал,  Баянхутаг суманд Улаанбаатар, Булган, Сүхбаатар  аймгаас 12 өрхийн 12731 толгой мал, Жаргалтхаан суманд Төв, Сэлэнгэ аймгаас 3 өрхийн 2299 толгой мал, Өмнөдэлгэр суманд Төв, Булган аймгаас 5 өрхийн 3934 толгой мал, Норовлин суманд Булган аймгаас 7 өрхийн 12159 толгой мал, Дэлгэрхаан сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны отрын бүс нутагт  Улаанбаатар, Булган, Сэлэнгэ, Увс, Төв,  аймгаас нийт 52 өрхийн 41084 толгой мал, Баянмөнх суманд Төв аймгийн 1 өрхийн 344 толгой мал, Баян-Овоо суманд Сүхбаатар, Төв аймгийн 2 өрхийн 1614 толгой мал  нийт  аймгийн  102 өрхийн 93375 толгой мал отроор өвөлжиж байна.  

2018 оны 1 дүгээр сарын сүүлийн 10 хоногийн байдлаар хүйтний эрч чангарч шөнөдөө  -39 хэм хүрч байгаа тул малын хэвтэр хөлдөх, хээл хаях явдал ихсэж байна.

Холбогдох мэргэжлийн байгууллага, сум орон нутгаас ирүүлсэн малын хорогдлын мэдээгээр үхэр 215, хонь 562, ямаа  701 нийт 1478 толгой мал хорогдоод байна.

Аймгийн Онцгой комисс өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан 2 удаа хуралдаж аймгийн Засаг даргын 1 албан даалгавар, 3 захирамжийг гарган хэрэгжүүлэн ажиллав.

Зудын эрсдлийг бууруулах, малчдын өвс, тэжээлийг нэмэгдүүлэх зорилгоор 2017 оны Улсын төсвийн тодотголоор  Засгийн газраас  211.1 сая төгрөг хуваариласныг  200 тн буюу 10000 боодол улаанбуудай таримал ногоон тэжээл, 200 тн буюу 10000 боодол рапсын таримал ногоон тэжээл,  50тн буюу 1064 шуудай тэжээлийн улаанбуудай, 8,9 тн буюу 1780 ширхэг малын тэжээл ашигт долооцыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд тендерийг зарлан худалдан авч орон нутгийн аюулгүйн нөөцийг 100% бүрдүүлэв.

Аймгийн Засаг даргын 2017 оны А\453 дугаар захирамжаар өвөлжилт хүндэрч болзошгүй Батноров, Дархан, Баянмөнх, Бор-Өндөр, Жаргалтхаан сумдад  тус бүр 1000-4000 боодол өвс буюу нийт 212 тн өвсийг аймгийн аюулгүйн нөөцөөс тээвэрлэн байршуулаад байгаа хэдийч хавар мал төллөх 3,4 дүгээр саруудад  өвс тэжээлийн хомсдолд орж болзошгүй байгаа юм. 

Гамшгаас хамгаалах тухай хуулийн 51 дүгээр зүйлд заасан Гамшгаас хамгаалах үйл ажиллагааны санхүүжилтийг орон нутгийн төсөвт тусгуулахаар  аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төсөв саналыг оруулж шийдвэрлүүлсэн бөгөөд хурлаас Гамшгийн эрсдлийг бууруулах санг шинээр байгуулж 298 сая төгрөг,  аймгийн Засаг даргын гамшигтай тэмцэх нөөц санд 150 сая төгрөгийг тус тус батлуулан үйл ажиллагаандаа зарцуулж байна.  

Өвлийн улиралд зам даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд улсын чанартай төв замуудын хөвөөгөөр хайрга элс байрлуулах, давс нөөцлөх, сум орон нутагт байгаа туулах чадвартай машин, трактор бусад техникийн судалгааг гаргуулан бэлэн байдлыг хангуулж ажиллахын зэрэгцээ Зам арчилалтын “Харгуй ТӨХК”-аас Цэнхэрмандал суманд 7 хүн 4 машин техниктэй бүлгийг 10 дугаар сарын 01-ны өдрөөс томилон ажиллуулж болзошгүй тохиолдолд цасанд хаагдсан зам давааг нээж ажиллах  хүч хэрэгслийн бэлтгэлийг хангуулсан болно.

            Сум, тосгодын малчин өрхийн судалгааг шинэчлэн газарзүйн мэдээллийн ARCGIS программд оруулж тухайн бүс нутгийн айл өрхүүдэд цаг агаарын сэрэмжлүүлэг мэдээллийг багц мессежээр  тухай бүрт хүргэн  ажиллаж байна.

            Мерси Кор ОУБ-тай хамтран “Онцгой байдлын үед мал амьтанд чиглэсэн үйл ажиллагаанд баримтлах заавар, стандарт” сэдэвт сургалтыг 2018 оны 01 сарын 18-19 өдрүүдэд аймгийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах албад, төрийн болон төрийн бус байгууллага, малчдын төлөөлөлийг хамруулан  зудын гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээ авах, нөхөн сэргээх ажлын төлөвлөгөөг боловсруулах аргачлалаар семинар зохион байгууллаа.

ОБЕГ-аас 2018 оны 4 дүгээр сард Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг тус аймагт зохион байгуулах болсонтой холбогдуулан сургуулийн бэлтгэл ажлыг хангуулах тухай аймгийн Засаг даргын 2018 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн А\02 дугаар захирамжаар ажлын хэсгийг томилон сургуулийн  бэлтгэлийг хангаж  байна.

 

Share.

Leave A Reply